2010/11/14

Алтайн Урианхайчууд


Монголчуудын эрт эдүгээгийн угсаа түүхийн явцад идвэхитэй оролцож олон зууны туршид алдар нэрээ дуурсгасаар ирсэн эртний хүчирхэг овог, аймгийн нэг бол урианхайчууд юм. Судалгаанаас үзэхэд дундат эртий үеийн Бурхан Халдуны урианхай нар бусад монгол аймгуудтай уг гарал нэгтэй бөгөөд тэд наандаж 2000 жилийн тэртээгээс замнал түүхээ эхэлсэн ажээ. Доктор Г. Сүхбаатар Монгол овог аймгийн гарал үүсэл, нүүдлийн тухай Рашид Ад- Диний тэмдэглэж үлдээсэн "Эргүнэ хунгийн " домгийн тасархайг Нууц товчоо болон бусад сурвалжуудын мэдээгээр нөхөн тодруулж зарим түүхэн домгуудтай харьцуулан задлан шинжилж үзээд энэхүү түүхэн домог эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээх манай өндөр өвөг Хүннү гүрний үед холбогдоно гэжээ. Эргүнэ хунгийн домгийг үндэслэвэл урианхан аймаг тэндээс гарсан олон овог аймгийн хамтаар увуу, цувуу нүүдэллэж Байгаль нуур, Баргуужин төхөмд нутаглаж байгаад ан гөрөө элбэтэй, ус бэлчээр сайтай нутаг ус сэлгэн нүүдэллэсээр ҮШ зууны орчимд Бурхан Халдунд ирж нутаглан энэ нутгийн эзэн болсон түүхтэй...
Улмаар XIII зууны эхээр урианхай аймаг Чингэс хаан болон тэдний хөвгүүдтэй дотно нөхөрлөж монгол угсаатан улсыг нэгтэх, төрийг төвхнүүлэхэд оройлон оролцож онцгой гавьяа байгуулж төр улсын түшиг тулгуур багана нь болж явсан болохыг Нууц товчооны 50 гаруй зүйлд тодорхой тэмдэглэжээ. Чингэс хаан урианхайг гал голомтоо сахисан отгон хүү Тулуй, ууган хүү Зүчи нарын хувь эээмшилд өгөхийн хамт засаг захиргааны хувьд 4 мянган хувааж урианхайн Зэлмэ, Сүбээдээ, Отачи /Удачи/ нарыг мянганы ноёд болгосон тэдний нэг мянган нь монголын хаадыг онголсон Бурхан Халдуны Их хоригийг тусгайлан сахиж хамгаалдаг хүндэй албыг хашиж байжээ. Хожим нь урианхай аймаг Тулу хааны Ү хүү Аригбөхийн эзэмшилд орсон байна.
XIII зууны II хагасаас Чингэс хааны алтан ургийн дотор хаан ширээ, эрх мэдлийн төлөө тэмцэл хурцадсан нь монголын эзэнт гүрний улс төрийн байдал ээдрээтэй болж Хубилай-Ариг бөх, Хубилай-Хайдуу нарын дунд төрийн эрх булаацалдаж тэмцэлдсэн хэдэн арван жилийн дайн хямралдааны хөлд урианхай аймаг хэд хэдэн удаа өртөж нэрвэгдсэн байна. Үүний улмаас нэг хэсэг нь уугуул нутагтаа үлдэж нөгөө хэсэг нь түүхийн янз бүрийн цаг үед монгол орны баруун, зүүн, өмнөд хэсэгт уван цуван нүүдэллэж тархан суурьших болсноор урианхайчуудын урьдын сүр хүчин ихэд буурсан байна. Тухайлбал, Чингэс хааны дүү Хачуны хөвгүүн Илжигдээн хувь эзэмшилд очсон гурван түмэн урианхайчууд XIҮ зууны сүүлчээс Хятадын их цагаан хэрмийн хойд бие дагуу нутаглах болсон нь түүхэн урианхайн 3 хошуу гэж нэрлэгдэх болжээ.
Халхад үлдсэн урианхай нь ХҮ! зууны үе хүртэл халх, цахар тумзэнтэй нийлж зүүн монголын зүүн гурван түмний нэг хүчирхэг тумэн байв. Батмөнх Даян хааны үед монголчуудын өөр хоорондын хямралдаанаас 5 салж урианхайн түмэн тарж бутарсан түүхтэй. Түүний нэг хэсэг нь Гэрсэнзийн мэдэлд очсон.
ХҮ! зууны дунд үеэс Гэрсэнзийн бага хатан урианхай отгийн Мэнд өрлөгийн охин Мөнхүйгээс төрсөн отгон хүү Саму - Буймагийн хувь эзэмшил болж халх 7 хошууны эх үүсвэрийг тавилцсан байна. Тиймээс түүхэнд халх- урианхайчууд хэмээн нэрлэгдэх болжээ. Халх ястны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон халх - урианхайн хойчис эдүгээ Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Завхан, Говь-Алтай зэрэг олон аймагт дархан сууж байна. [Бадам хатан .С.1987.Т.31-47.]
Харин Аригбөхийн эзэмшилд очсон Урианхайчууд байгаль нуурын баруун өмнө биеэр нутаглаж байгаад зарим монгол овог аймгийн хамт XIII зууны эцэс XIV зууны эхээр баруун зуг нүүдэллэн явсаар Алтайн нуруу, Эрчис мөрөн, Бор талын зэргэмжээ, газрын өргөн уудам нутагт суурьшин нутаглах болсон нь хожмын түүүхэнд Алтайн урианхайчууд хэмээгдэх болсон ажгуу. Тийнхүү эртний сурвалжит урианхай аймгийн нэг хэсэг нь монгол орны баруун хязгаарт нүүдэллэн очиж Ойрад Монголын тулгын чулууг тавилцсан түүхтэй. Анхлан Ойрад монголын бүрэлдэхүүнд урианхай буюу Цорос, Хошууд, Торгууд хэмээн гурван гол овог аймаг багтаж Урианхай Цорос омгийн Махмуд захирч байжээ. 1487 онд Цоросоос Өөлд тасран гарсанаар хожим Өөлд Урианхай 2 гэж нэрлэгдэх нь байв. Мөн түүнчлэн 1502 онд Цоросоос Дөрвөд тасарч, аймаг болон салав. Ийнхүү XV! зуунаас ойрадын холбоонд 3 бүс, 4 аймаг багтах болсноор 4 ойрад хэмээгдэх болжээ.
Цорос нь эртний сурвалжид Бурхан Халдуны эзэн явсан домогт урианхайн
аймгийн үр сад удам хойчис бөгөөд цоросын ноёд болбоос Чингэс хааны шадар Аданхан
урианхайн Жаричудай өвгөний хүү өрлөг Зэлмийн ҮII үеийн үрийн үртэс уг шаг нь
билээ. [Гантулга. Ц, 2000, т .19] Тиймээс аданхан овог энэ зууныг хүртэл Алтайн
урианхайчуудын дотор хадгалагдсаар ирсэн байна. Алтайн урианхайн нэр сүр цорос
омгийн ноёд ойрад монгол pүүн гарыг төр бөрьж байх хугацаанд буюу Махмудын хүү
Тогоон тайш /1418-1438/, Эсэн тайж /1438-1455/, Хархул хаан  /                    -1634/,
түүний долоодугаар хүү Галдан бошгот/1671-1695/ -ын үед ихэд алдаршиж явсан.
ХҮШ зууны дунд үеийг хүртэл урианхайчууд Бор тал, Ил тарвагатай, Эрээн хавирга, Эмээл гол хавиар нутаглаж байв. Угаас эрэлхэг дайчин удамтай урианхайчууд манжийн түрэмгийлэгчдийн эсрэг монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомтыг аврахын төлөө тэмцэлд оройлон орлцож тэмцсээр 1757-1758 оны үед манжид эзлэгдсэн байна. Энэ үеэс буюу ХҮШ зууны сүүлчийн хагасаас урианхайчууд гол төлөв Алтайн нурууны өвөр, ар биед нутаглан суух болжээ.
Ховдын Хэвэ амбан Пуй -и Тэнгэрийн тэтгэсэн хааны ХХҮII он буюу 1762 онд манжийн хааны зарилгаар алтайн урианхайг 7 хошуу, 2 гарт хуваан захирах болсон байна. Алтайн урианхайн 7 хошууны баруун гарт баруун амбан, мээрэн гүн, саруул гүний гэсэн 3 хошуу, зүүн гарт зүүн амбан, сэндэн гүн, шардаа, марбардин гэсэн 4 хошуу харьяалагдаж хоёр гарын амбан захирагчийн аль нэгэнд сул амбан цол зүүлгэн 7 хошууны хэргийг ерөнхийлөн захируулдаг болгосон байна. 1907 онд Ховдын хязгаараас алтайн шинэ хязгаар таслахын хамт цаад этгээдэд суусан нь Алтайн шар сүмд, наад этгээдэд суусан нь Ховдод төвлөрөн захирагдах болсноор алтайн урианхайчууд 2 хуваагдсан байна.
Манжийн үөд урианхайчууд "Алтайн арван хоёр сүвийг сахисан уулын овоо, талын хөшөө болсон урианхай" хэмээн нэрлэгдсэн хайч халхавчинд зогсож ховдоос Тарвагатай хүртэлх 8 суурь, өртөөний албыг дагнан залгуулж дээр нь анчин, гөрөөчин удамтай учраас ангийн үсний албыг давхар оноож байжээ. [Гонгор. Д, т. 49-50]
Ховдын хязгаарыг манжийн дарлалаас чөлөөлөхөд урианхайн Лувсангаар удирдуулсан хороо /300 урианхай цэрэг/ газар нутаг сайн мэдэхийн хувьд чухал үүрэг гүйцэтгэж оройлон оролцсон байна. [Дамчаа.Ч. 1982, т. 20-21] Ховдын хязгаар манжийн эрхшээлээс ангижрахын хамт алтайн наад этгээдэд суусан урианхайчууд Богд хаант монгол улсын бүрэлдэхүүнд багтан орсон билээ. Богд хаант монгол улсын үед Алтайн урианхайчууд Дөрвөдийн Сайн заяат баруун гарын үнэн зоригт хан аймагт харьяалагдах болсны дээр хуучин 7 хошууг алтайн урианхайн итгэмжит, зүтгэлт, зоригт, эетэй, ёст, саруул, дархан засаг улсад туслагч гүний хошуу гэж тус тус өөрчлөн нэрлэх болжээ. [Монголын өрнөд нутгийн хүн амын аж төрөх ёсны хөгжил, 1989, т. 233-234] Улмаар баруун хязгаарыг түйвээж байсан цагаантны болон оспаны дээрэмчдээс нутаг орноо чөлөөлөх тэмцэлд урианхайчууд идэвхитэй оролцож их үүрэг гүйцэтгэжээ.
Ардын засгийн эхний жилүүдэд урианхайчууд 7 хошууны зохион байгуулалтаа хэвээр хадгалахын зэрэгцээ 1923 оноос чуулган зохион Ховын сайд жанжины газарт захирагдах болсон байна. 1927 онд улсын III их хурлын тогтоолоор 4 сум хүрэхгүй хошуудыг татан буулгаж нэгтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх явцад, хуучин хошууг цомхотгон алтайн хан уулын урианхайн баруун, зүүн хошуу гэсэн хоёр хошуу болгоод удалгүй дахин нийлүүлж 1929 оноос Алтай хан уулын урианхайн хошууг байгуулжэ.
1932 онд МАХН-ын I, Улсын ХҮ1 бага хурлын шийдвэрийн үндсэн дээр Чандмань уулын аймгийг хоёр хувааж шинэ аймаг байгуулахад Ховд аймгийн бүрэлдэхүүнд оржээ. 1940 онд Ховд, Увс аймгаас газар нутаг тасалж Баян өлгий аймаг байгуулснаас хойш урианхайчууд Ховд, Баян өлгий аймагт хуваагдан харьяалагдах болсон байна.
Өнөөдөр Алтайн урианхайчууд нь Баян өлгий амйгийн Алтай, Бянт, Сагсай, Бугат, Алтанцөщ, Булган, Ногоон нуур, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Мөст, Төв аймгийн Бор нуур, Угтаал, Хэнтий амйгийн Баянхутаг, Чандгана, Өндөрхаан, Сэлэнгэ аймгийн Орхон туул, Цагаан толгой, Ерөө, Баруун хараа, Зүүн хараа, Зүүн бүрэн сумдад хийгээд Улаанбаатар, Дархан , Эрдэнэт, Өлгий, Ховд, Сүхбаатар, Налайх, Шарын гол зэрэг олон аймаг, сум, хот сууринд тархан нутаглаж байна. Сүүлийн үед бүрэн бус мэдээгээр манай оронд 24 000 орчим урианхай овогтон аж төрж байгаа ажээ. [Гантулга.Ц, Баатар. Ц, 1991, т.5]
Алтайн урианхайчуудын хувьд тэдний гол цөм нь эртний Төрлүхин / Дарлигин/
монголчуудын нэгэн зонхилох аймаг болох Бурхан Халдуны урианхайчуудтай угсаа гарвалын сүлбээтэй, тэдний орыг дарж нэрийг өргөн залгамжилж яваа үрийн үртэс, удамхойчис болох нь эргэлзээгүй юм.

2 comments:

  1. сайна уу? хүн амын нэгдсэн тооллогоор Урианхай ястаны нэгдсэн тоо гарахгүй гэж би бодож байгаа болохоор та бүхнийг нэгдсэн Урианхай түмний хүн амын тоо амьжиргааны төвшин, албан тушаал, зэрэг цол гэх мэт нэгдсэн томоохон хэмжээний нэгдсэн нэг судалгаа хийж дүнгийн гаргах болсон юм биш үү. нэгэл их тархай бутархай хүиүүс

    ReplyDelete
  2. Яг 100хувь тоологдох боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Олон Урианхай хүмүүс яс үндэсээ халх гэж бүртгүүлэх нь сүүлийн үед түгээмэл болсон байгаа. Ардчилсан нийгэмд хүн юу хийх нь эрхийн асуудал боловч уламжлал, ёс заншлаа дээдлэх, өвөг дээдсийнхээ үүх түүхээр бахархах түүнийг өвлөн авч үлдэх, хойч үедээ залгамжлах асуудал тулгамдаж байгааг олон хүн мэдэж байгаа. Бид бүх талаасаа хамтраад энэ ажлыг хийж болох байх аа. Ер нь хэсэг бүлгээрээ ургийн бүртгэл хийсэн, таны хэлдгээр тархай бутархай юмнууд бий. Түүний нэг нь саяхны Бөххуяг эгчийн бичсэн ном. Танд ч гэсэн энэ талаар цуглуулга байдаг бол хамтраад хийж, бүртгэлээ нэгтгэж болно шүү дэ.

    ReplyDelete